Самсунг компани Galaxy Note 10 загвараа хоёр хувилбартай танилцууллаа

Өчигдөр Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани Galaxy Note 10 загварын гар утсаа хоёр хувилбартайгаар танилцууллаа.

Өмнө нь уг бүтээгдэхүүн ганцхан том хэмжээтэй зах зээлд гардаг байсан бол энэ удаа Galaxy Note 10, Galaxy Note 10 Plus гэсэн хоёр хэмжээтэй болсон байна.

Жижиг нь 6.3 инч дэлгэцтэй бол том хувилбар нь 6.8 инчийн дэлгэцтэй. Эхлэх үнэ нь Galaxy Note 10-ын хувьд $950, Galaxy Note 10 Plus-ын хувьд $1,100 юм байна.

Үүнээс гадна 5G сүлжээг дэмждэг Galaxy Note 10 Plus 5G хэмээх дэд хувилбарыг гаргахаар болжээ.

Шинэ загваруудыг тэгш өнцөгт хэлбэр, маш нарийн дэлгэцний хүрээ нь онцгой гоёмсог харагдуулж байна. Нүүрний камерыг дэлгэцний голд нүхлэн байрлуулжээ.

Хоёр загварын гол ялгаа нь дэлгэцний хэмжээнээс гадна санах ой, камер, батарейн багтаамж юм. Тухайлбал хоёул 123 градусын өнцгөөр хардаг өргөн өнцгийн камертай бол том загвар нь объектын алслалтыг илүү сайн мэдрэх нэмэлт чадвартай. Өөрөөр хэлбэл хөрөг зураг авахад хүний дүрийг арын орчноос илүү сайн тодруулна гэсэн үг юм.

Санах ойн хувьд жижиг нь 8GB RAM, 256GB storage, том нь 12GB RAM, 256GB эсвэл 512GB storage сонголттой.

 Харин Galaxy Note 10-ын батарей 3,500 mAh, Galaxy Note 10 Plus-ын батарей 4,300 mAh багтаамжтай юм байна.